Вьетнам засварын газрууд орлого сайн олдог ч татвар төлдөггүй

Аравхан алхмын цаана үүнтэй төстэй дүр зураг нүднээ буув. Авто засвар гэсэн хаягтай хашаа байв. Вьетнамчууд эндээ амьдарч, засварын үйлчилгээгээ эрхэлдэг бололтой. Дотогш нэвтэрвэл дунд зэргийн нуруутай вьетнам залуу угтаж авав. Тэрбээр Монголд авто машины засвар үйлчилгээ эрхлэн гурван жил болжээ.

Түүнээс авто машины урд талын гупер хэдээр янзлах вэ гэж асуухад “150 мянга түүнээс доош буухгүй” гэж монгол хэлээр торолгүй хариулав. Эргэн тойрныг ажиглавал харанхуй орчинд 8-9 машин эгнээтэй зогсжээ. Үүдээр ороход шүршдэг будгийн хурц үнэр хамар цоргиж байлаа. Мөн цементэн шалан дээр хөглөрөх элдэв багаж хэрэгсэл, энд тэнд замбараагүй өлгөсөн хувцас, хоолны тогоо, халбага, савх ч харагдана. Энд хүн амьдрах ямар ч нөхцөл байхгүйн дээр, вьетнамчууд үүдээр орж ирсэн хүмүүст дуртай үнэ хэлж, засварын тогтсон тарифгүй болох нь анзаарагдав.

Эдгээр авто засварын төвүүдэд хяналт тавьдаг эсэхийг бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Вьетнам авто засваруудад одоогоос дөрвөн жилийн өмнө шалгалт хийсэн. Түүнээс хойш шалгалт хийгээгүй. Дээрээс чиглэл ирсэн тохиолдолд зохих шалгалтуудыг явуулна” гэсэн хариулт өглөө.

Гэхдээ өнгөрөгч долоо хоногт иргэдийн гомдол, мэдээллийн дагуу Вьетнам засварын газруудад хяналт, шалгалт хийж эхэлжээ. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөгч П.Баярмаагаар ахлуулсан ажлын хэсэг харвяа дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа авто засварын газруудыг энэ сарын 21-ээс шалгаж эхэлсэн аж.

Уг ажлын хэсгийн дүгнэлтээр Баянгол дүүрэгт одоогоор 80 орчим Вьетнам засвар ажилладаг гэсэн тоон мэдээлэл байна. Харин эдгээрийн дийлэнхээс дараах зөрчил илэрчээ. Тухайлбал, авто засварын газраа архидан согтуурах, үүнээс үүдсэн элдэв төрлийн гэмт хэргүүд тасардаггүйг албаныхан ярьж байна. Мөн эдгээр авто засварын төвүүд нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, засварын үйлчилгээний тогтсон тарифгүй, дурын үнэ хэлж, иргэдийг мөлждөг. Орлого ихтэй ч татвар төлдөггүй, тохижилт, орчин нөхцөл шаардлага хангадаггүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.